Шар нар ээнэ
Шар модны мөчир дээр
Шар шувуу суучихсан
Шар хүмүүс
Шар нүдээр харж
Шар дуугаар үргээнэ
Шар шувуу гомдонгуй нисэхэд
Шар сүүдэр нь модон дээрээ үлдчих
Шар орчлон
Байж боломгүй
Шар орчлон


Орой нь цоорхой
Орчлонгоор нэг ус дусална
Нойтон зовхи ч даагдахгүй
Тэмтэрч л мэднэ
Би ус хаана байгааг мэднэ
Хүмүүс минь
Би
Ус хаана байгааг мэднэ
Үнэрлэж мэднэ
Сонсож мэднэ
Нар
Нар хаана байна
Надад өөр
Мэдэхгүй юм алга даа
Тэмтэрч л мэднэ


Галгүй өрөөнд бээвийтэл суусан
Галгүй нүдээр өөдөөс минь ширтсэн
Өтөл эмгэнийг зурсан зураг
Өдөр бүхэн зах дээр
Тэгээд л би худалдаж авсан
Тэр зураг дулаахан өрөөнд өлгөөстэй
Өрөөнөөсөө би одоо гарахаа ч болисон
Өрөө дамжаад л
Өтөл эмгэний үлгэрүүд...


Өөртэйгээ цэц булаалдаж
Үнэн
Худал
Гэж суухуйд
Үүргэвч минь хов хоосон
Үлдсэн жаахан талхаа нохойд хаяад өгчихсөн
Алдах онох, шувуу дэвэх
Аз жаргал, юу ч үгүй хоосон
Үнэнийг олох, тэнэг болох
Үргэлж цэцэрхэх , дуугүй суух
Хамаг юм жамаараа болохыг
Харжээ суух
Хар нохойн долоон гөлөгийг
Өдөр бүхэн тоолжээ суух


Цэцэрхэж цэцэрхэж ам цангаад
Цэвэр ус залгилж зогсоход
Амьдралын туршид үзсэн дуулсан минь
Аяганы тал устай тэнцүү байгааг мэдүүтээ
Үргэлж дотор минь жингэнэж байдаг хонх
Таг болохыг мэдрэвээ
Үнэндээ би нам гүмд дасаагүй
Хонхны хэл хаачив даа
Холоо тэр
Юуны бараа


Үхэлрүү татсан нарийхан утсан дээгүүр
Үй олон шувууд ирийтэл суусаныг үзээд
Зүг буруулж эргэхүй
Зөндөө олон утасны мод энд тэнд харагдах нь
Амрахаар суувал бас шонгийн мод налчих гээд
Ганц шувуу далавчаа дэвчих зайгүй
Газар тэнгэрийн завсар мод яасан олон
Нарийхан утсан дээр
Буух зайгаа олоогүй
Над шиг шувууд
Тэнгэрээр дүүрэн


Амьдралыг нэг нь баяр баясгалан гэнэ
Амьдралыг нэг нь сайхан бүсгүй гэнэ
Амьдралыг нэг нь сайхан бүсгүй биш гэнэ
Атга будаа арвайн гурил модон савх гэнэ
Жаалхүүгээс асуувал нүдээ анивчаад
Жаахан тэвэгний тугалга гэнэ
Эмэгтэй дүү нь хажуугаас нь
Элсэн чихэр хоёр зуун грамм гэнэ
Гэгээрсэн ламаас асуувал инээд алдаад
Гэр ахуйн барааны дэлгүүр гэж хэлнэ
Олон хүн дур дураараа
Олон юм ярина
Чимээгүй бай намайг сонс
Чин үнэнийг хэлье
Амьдралыг би..
Авгай л мэдэх байх даа


Ханан дээр
Хар балаар ганц үг бичих нь
Сүмийн найрал дууг
Бүгдийг нь дагаж дуулдаг
Сөөнгө хоолойтой хөгшин эмгэний
Ганц охин шиг харагдана


Ээ тий тий
Энд ямар хүйтэн байнаа
Диваажинд би
Долоон нарны доор
Долоон модны сүүдэрт
Долоон булгын хажууд
Долоон тэнгэрийн дагинатай
Долоон зуун мянган жил
Энд бууж ирсэнээс хойш
Ээ тий тий ямар хүйтэн байнаа
Эргээд хэзээ
Ээ тий тий
Хүйтэн байнаа


Нуруун дээр минь
Нуур байгаа байх
Мөр даваад л хойшоогоо шувууд зэллэх юм
Мөдхөн усандаа буучихаад ганганаж сонсдох юм
Нуур байгаа байх даа
Нуруугаа толинд харвал
Цэлэлзсэн их ус




Бичих юм юу ч үгүй хорвоод
Бийр атгаж төрчхөөд
Гайхсандаа л
Газар нэг ширтэж
Тэнгэр нэг ширтэж
Ургаа хад шиг мэнэрч чинэрч зогсоход
Ув улаан тэнгэрт бурхны дүр үзэгдээд
Бийрний минь үс нэг нэгээрээ сугарч
Бичгийн цаас шиг өвс дамналдаж унахуй
Өвсөнд барлагдаж ургасан шүлгийн дардас
Өөрсдөө цаасанд буух нь шүлэг болой