Нэг нэг үгээр нь заримыг нь мөр мөрөөр нь
Нийлүүлж нийлүүлж ганц шүлэг болгоод
Буулгачих цаас эрж
Буулгах шахлаа би гэр орноо
Харсаар байтал нүдэн дээр минь
Хамаг цааснууд гэрэл болчихоор нь
Гэрлээр дутсан биш дэ би жаахан гоморхоод
Гэдрэгээ хараад л нулимс цэлэлзүүлж хэвттэл
Цаасны бүдэгхэн гэрэлд бие минь хачин тунгалагшаад
Цайраад л нимгэрээд л
Цаас болохнээ би





Мөрөөдлөө бичсэн цаасаараа би шувуу хийгээд
Мөсөн дээр бүгдийг нь аваачаад л орхичихдог
Алга дарам газрын мөс нь хайлмагтаж
Амилмагцаа хөх шувууд минь холоо нисчихдэг
Хаврын хаварт л тэд минь бөөн бөөнөөрөө сүрэглээд
Хаа нэгтээ газар нисч л яваа харагддаг
Хаанаас ч юм бэ хаврыг авчирдаг энэ олон шувууд чинь
Хаа очиж бүгдээрээ миний л хэдэн хүүхдүүд ээ




Би нэгэн гараг болчихсон
Биен дээр минь жижигхэн хүмүүс амьдардаг болчихсон
Нүгэл хийдэггүй хоол ч иддэггүй
Нүв нүцгэнээсээ ичдэг ч үгүй
Нар сарыг төсөөлдөг ч үгүй
Насаа ч ер тоолдоггүй
Хүүхдээ үүрээд л ар араасаа цуваад л
Хэдхэн хүн явж л байгаа харагддаг
Үдэш болгон л тэд мөрөн дээр минь суучхаад
Үнэн сэтгэлээсээ ийнхүү дуулцгаадаг
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тэр бидний орон гэр
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тийшээ бид очих л болно
Аяархан тэд ийнхүү дуулцгаана
Амандаа би ч гэсэн
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тэд намайг аваад явах боловуу




Ийм их цас нэг л өдөр орно гэж
Энэ дэлхий нүгэлгүй юм шиг болчихно гэж
Бүх хүн шувуунд хувилчихна гэж
Бүгд ганцхан дэрррр гээд л тэнгэрлүү нисчихнэ гэж
Цас цас цас цас л үлдэнэ гэж
Цасан дээр шувууны мөр л үлдэнэ гэж
Цаг нь болоогүй би л ганцаараа үлдэнэ гэж
Цасан дунд зогсоод л
Тэнгэрлүү саравчлана гэж




Жижигхэн охин
Гараараа ус хутгаад л
Жижигхэн
Энгэр нь норчихсон
Инээгээд л гүйгээд ирвэл
Энэ охиныг Бурхан минь та
Өөрөө тосч аваарай
Яг л ийм жижигхэн охидыг гараас нь хөтлөөд
Ямар олон удаа үхэлрүү хүргэж өглөө дөө
Цаг хугацаа би
Цаашдаа тэвчихээ байлаа
Үхэж л нэг амрахсан
Үүнийг л бурхан минь нэг.......


Романаа тууж болгов
Туужаа өгүүллэг болгов
Өгүүллэг шүлэг болов
Шүлэг үг болов
Үг дуугүй болов
Бийрээ хаяв
Бичээч гэгээрэв


Гэгээрлийг хайгаад л яваад л яваад л
Гэртээ л том өрөөндөө л яваад л яваад л
Тогорууны чихмэл
Тоох ч үгүй