Эцэс төгсгөлгүй намар л үргэлжлээд байвал
Энэ олон модод цөхөрсөндөө уйлах л байсан да
Газраар хөглөрсөн навчис нь моддоо өрөвдөж
Ганц нь ч салхинд хийсэлгүй газартаа шингэчих байсан байх
Моддын нулимс шиг тунгалаг өвснүүд
Модтойгоо чацуу ургах л байсан байх
Миний нулимс шиг тунгалаг хүмүүн мэндлээд
Миний бичээгүй үгсийг бичих л байсан байхаа




Жаргалтай хүмүүс бие биерүүгээ инээмсэглээд л
Жаргалтай хүмүүс бие биесээ тэврээд л
Амьдрах сайхан гэж чанга чанга яриад л
Аз жаргалын тухай надад ярьж өгөөд л
Үргэлж инээгээд л тонголзоод л
Өө би хүртэл та нар шиг болчихсон
Нүдрүү минь хэзээ ч эгцэлж харж үзээгүй
Нүүр дүүрэн инээмсэглэл
Ийм жүжиг үзээгүй бурхан хүртэл гайхсандаа
Энэ хавьд бороо оруулахаа мартчихсан




Намрыг хүлээлгүй модноосоо тасарсан ганц навч
Нам гүмхэн цэцэрлэгийн модон сандал дээр унаад
Дурлалдаа шатсан найрагч эв хавгүйхэн суух шиг
Дуугүйхэн бодлогоширно бусад навчсын тухай




Гараа алдлаад л
Газар тэнгэр болоод
Өрөөний минь хана
Өөр ертөнц болчхоор
Дээвэр дээрээ дээшээ харж хэвтээд
Дэлхий дээрээ би сайхан байж дээ гэж боддогоо




Өнгө өнгийн санаагаараа
Өөртөө л би зураг зурж байгаа
Дуртай газраа л будаг нялж
Дураараа л нэг зурж байгаа
Эцсийн өдөр эцсийн будгаа түрхэж
Энэ зураг намайг үхэхэд дууснаа



Бүх хүн
Биеэрээ дүүрэн
Битүү өдтэй төрдөг
Нүгэл хийх тоолонд нь
Нэг нэгээрээ унасаар
Нүцгэрчихлээрээ л хүн дэлхийгээс явчихдаг юмаа





Намайг ойлгох хүнгүй ямар их аз вэ
Намайг та нар ойлгодогсон бол
Нар мандах тоолонд хангинатал дуу дуулаад л
Намар битгий болоосой гэж өдөр болгон бодоод л
Бороо орохоор хувцсаа тайлаад хаячихдаг
Бодлогошроод тэнгэрлүү хараад зогсчихдог
Хөшөө юм байна би гэж гэнэт бодуутаа
Хөдлөх ч үгүй нэг газраа зуун жил суучихдаг
Шувууны баасанд будагдсан толгойтой
Шулуухан орондоо ороод л унтчихдаг
Эрвээхийг сод ухаантан гэж хүндлээд л
Эмгэн хумсыг нисдэг байх гэж бодоод л
Голын загастай хүн шиг ярьдаг
Гол нь тэгээд юу ч хийж чаддаггүй
Ер бусын нэг тийм байх байсан
Ерөөсөө дэлхий яавч ийм байхгүй байсаан



Яасан ч миний дур
Яавлагаа ганцаараа идсэн ч
Яасан ч миний дураа
Намагт амьдарсан ч дур
Нарны наагуур ниссэн ч дур
Шувууний торонд орсон ч дур
Шуламсын байшинд очсон ч дур
Жаахан хүүхдүүдтэй цуг цэцэрлэгт явсан ч дур
Жижигхэн сандал дээр нь ямар багтах биш
Шалан дээр суусан ч дур
Тоглоомоо булаацалдаж уйлсан ч дур
Том болчхоод чи гэж охидод загнуулсан ч дур
Яасан ч миний дур
Янзагатай ягаан цамц өмссөн ч
Тэр яалт ч үгүй эмэгтэй цамц л даа
Тэгэхдээ л миний дураа




Жоомнууд урьд шөнө хүмүүсийг ямар их муулваа
Том биетэй л гэнэ
Тогоруу шиг хөлтэй л гэнэ
Гялгар хальсгүй л гэнэ
Гөлгөр нүдтэй л гэнэ
Дэлхий дээр хэрэггүй л гэнэ
Тэрийгээ ч мэддэггүй л гэнэ
Биднээс ч тэнэг л гэнэ
Бүр жоом ч олигтойхон алж чаддаггүй л гэнэ
Тэр ч яахав хамгийн гол нь
Тэр сэтгэл нь гэснээ л
Халаглаж хамаг жоом биднийг өрөвдөж
Ичсэндээ би сэмээрхэн босоод явтал
Энэ л харин гэж дуугаа намсган шивнэлдлээ

Зуун жилийн өмнө зурсан
Зураг амилж
Зураачаа надаас амьд уу гэж асуугаад
Жаазнаасаа гарч ирэх гэснээ
Жаргаж буй нарыг харчхаад
Энэ арай л болоогүй байна гээд
Эргээд л хэвэндээ орчихсон
Энэ зурган дээр ахиж ялаа суухаа больчихсон



Онгод
Хажууд суугаад л
Хамаг цайг минь нэг амьсгаагаар уучхаад
Ярьж гарна
Ямар ертөнцөд
Ягаан навчтай тас хар мод байгааг
Яагаад навчиндаа дургүй гэдгийг нь
Хав хар биеийг нь халхалж
Хачин ягаан цэцэг ургадаг
Тэр модноос өөр хар өнгөтэй юм
Тэр гариг дээр байдаггүй гэнэ
Өнгөө л хүмүүст ганц удаа ч болов үзүүлэхсэн
Өөрийнхөө дүрсийг ямар гэдгийг
Усны мандалд харахсан гэж
Ямар их хүсдэгээ
Ярьсан гэнэ
Нэг навч надад үзүүлэх гэж халаасандаа хийснээ
Нисч явахдаа гээчхэж гэнэ

Ч үсэг байхгүй бол би шүлэг бичиж чадахгүй
Чамдаа хайртай гэж хэлж чадахгүй
Үнэнч гэж хэлж чадахгүй
Үнэнийг бичиж чадахгүй
Чадахгүй ч гэж бичиж чадахгүй
Чацаргана ч идэж чадахгүй

Нүдээ аньж
Нүүр царайгаа ч мартаад
Тэнгэрийн хөгжим сонсоод л
Тэнгэр болчихдог
Тиймээ би агаар болчихдог
Юу ч мэдрэхээ болиод
Юу ч үгүй хоосон болоод
Угаасаа л ийм байсан шиг
Угаасаа л нэг тийм болчихдог
Хэлж болмооргүй тийм нэг
Хэн ч биш юу ч бишээс давчихсан
Давснаа ч тоохоо болихоос
Давчихдаг



Хүн чанар сайхан сэтгэл
Хүмүүсээс үлдсэн нандин бүхнийг
Үлдсэн жаахан тэр галыг
Үлээвэл л унтарчих тэр дөлийг
Сайн муу хэн ч очдоггүй салхи ч үгүй
Сарны нөгөө талд аваачиж байгаад
Залбирч бурхнаас сайн гуйж байгаад
Жаахан хуурай гишүү тэнгэрийн орноос авчраад
Өнөө жаахан дөлийг түүдэг болтол нь өрдчихөөд л
Өргөөд л
Эргээд л нисээд ирнэ
Өөр би хаачих вэ дээ
Газар дэлхийг хүмүүсийн сэтгэлийг
Ганц сайн дулаацуулахсан
Гал түлхсэн
Явчхаад ирмээр байна
Ядаж би далавчаа эрээд олдоггүй ээ
Даан ч дэ хүмүүс минь та нар
Далавчийг минь буцаагаад өгчих л дөө



Жилдээ л нэг галт тэрэг ирдэг
Жижигхэн өртөөний амьдрал
Тэрүүхэн тэндээ зургаан байшин
Тэр хавиар хөл тасрахгүй
Арван хэдэн хүн хэрэндээ л
Асар том хот шиг амьдарна
Өвөлдөө цас малтаж
Зундаа цэцэг тарьж
Өртөөнийхөө дэргэд сард нэг зах гаргаж
Хэзээний ч билээ мөнгөн зоосоор
Халбага сэрээ цагирган боов худалдаж
Хааны торгон цэрэгт залуудаа алба хааж явсан
Хазгар өвгөн бага дарга дарсанд халамцаж
Эр шиг эр явснаа дурсаж
Эмгэнээсээ ганц зоос нэхнэ
Мөрөөдөмтгий гэнэн залуу шүлэгч
Мөнгөн саранд дурлалаа гэж шүлэглээд
Хавийн амьтны инээд барж
Хачин ихээр гуниглан
Одоо дахиж шүлэг бичихгүй гэж
Орой болтол санаагаар унана
Хажуу айлын охин залуу шүлэгчид дурлаад
Хадамд гарсан эгчийнхээ гоёлын даашинзыг өмсчхөөд
Дурласнаа ч мартаж дүү нартайгаа тоглож
Дуу шуу болж гудмаар нэг инээлдэж
Үеийнхэнтэйгээ жартаа тоглож
Үнэтэй даашинзыг шороотой хольж орхино
Орой болж хөл татарч
Орон гэртээ бүгцгээж дэн унтарч эхлэхэд
Хөгшин бага дарга аанай л
Хөлчүүхэн, цонхон дээрээ зогсоод
Эр шиг эр явснаа дурсаж
Эмгэнээсээ дарс нэхнэ



Дэлхий маань диваажин болно
Дээвэр дээрээ амьдардаг болно
Хамаг амьтан далавчтай болно
Хар хэрээ дуулдаг болно
Охид хувцас өмсөхөө болино
Орон гэрээ цэцгээр гоёдог болно
Бэх нь дуусдаггүй үзэгтэй болно
Би дандаа шүлэг бичдэг болно
Энэ дэлхийн бүх бүсгүйд дурладаг болно
Эхнэр маань тоохчгүй инээдэг болно
Эхнэр маань ч бас бүх эрчүүдэд дурладаг болно
Энүүхэндээ би л жаахан дургүй байдаг болно
Дэлхий маань диваажин болно
Дээр нь би л жаахан.......



Аз жаргалыг би цэцэг шиг түүж
Томоо гэгчийн сагстай нь
Толгой дээрээ тавьчхаад
Хүн болгонд дуртай цэцгийг нь
Хөх ягаан ногоон улаанаар нь
Аз жаргалын цэцгийг
Айл бүхэнд тараахсан
Тоглож байгаа охидод
Томоос нь шилж өгөөд л
Хаанаас та ийм их цэцэг олоов? гэвэл
Хайраасаа гэж инээмсэглээд л
Нэг ч хүн үлдээлгүй бүгдэд нь
Нэг нэг цэцэг өгөхсөн



Бороо орох
Чиний гуниг
Би уйтгарладаг
Нар гарах
Чиний инээд
Би дулаацдаг
Цас орох
Чи ирэх
Би баярладаг
Үгүйлэх
Чиний зураг
Хараад л баймаараа



Мод болж цэцэг болж
Мохоо ирмэгтэй уулын чулуу болж
Ижийгээ л ирэхийг хүлээж
Хүлээж хүлээж хөхөрч гандаж
Эр болж ирвэс намнаж
Ирвэс болж гөрөөс барьж
Гөрөөс болж өвс идэж
Өвс болж цасанд даруулж
Цас болж ус болж
Цагаан шувуу болж
Энэ олон галав
Ижийгээ л ирэхийг хүлээж..........



Намгийн бясалгалт мэлхий
Шавьж болоод хорхойдийг цуглуулж
Намгийн бясалгалт мэлхий
Шавьж болоод хорхойдод ном айлдаж
Үзэсгэлэнт амьтад үл тооно
Үргэлж тэнгэрлүү харна
Тэнд л очихыг хүснэ
Тэнгэрлүү гарахыг хүснэ
Тэнгэрээс дээш юу буйг
Тэр мэлхий айлдана
Тээртэй мэлхийн дууг хэн ч үл сонсоно
Их хүнээс хүртэл ийм дуу гарах
Энэ их дэмий ертөнц



Сэтгэлд минь манан татхад
Балар ойруу орж
Сэмээрхэн
Хаан модон дээр очдогоо
Навчсыг нь төнхөж
Ёроолоос нь
Нарийхан модон жимбүүрээ олдогоо
Үлээхүйеэ намуухан эгшиг
Үзмийн модон дээр суух тэнгэрийн хүнд сонсдоно
Уулзаагүй удсан надруу мэнд мэдэх шиг харж
Уярч хэсэг нүдээ аньж сууснаа
Өмнөө байгаа тэнгэрээс цаас шиг урж аваад
Өнөөх дээрээ шүлэг тэрлэж орхино



Хаврын эхний борооноор уйлаад л эхэлмээр
Хаваржин зунжин намаржин уйлаад л баймаар
Олон хөлийн газар замын голд суучхаад
Олоон жил болсон хуучин сонин дэвсчхээд
Үлдсэн жаахан сэтгэлээ гаргаж ирээд
Үнэлээд зарах гэж байгаа шиг өмнөө тавьчхаад л
Энийг хараач гээд уйлаад л баймаар
Энэ л үлдэж гээд уйлаад л баймаар
Тонгойгоод л уйлаад л баймаар
Тог тог нулимс дуслах сонсдож
Тонгойгоод л
Тоос дарсан сэтгэлээ харж



энэ ертөнцийг зуръя гэхлээр нэг л өнгө дутаад
тэр өнгийг олохоор тэнгэрлүү явсан зураачдаас
энэ ертөнцийг дуулъя гэхлээр нэг л өнгө дутаад
тэр өнгийг олохоор тэнгэрлүү явсан дуучдаас
энэ ертөнцийг шүлэглэе гэхлээр нэг л үг дутаад
тэр үгийг олохоор тэнгэрлүү явсан найрагчид

бүгд дээр очоод
дээр бас өнгө дутаад
дэлхий дээрээ эргээд ирэхэд нь
өнөөх л өнгө нь..........



хэн ч очиж байгаагүй
хэний ч мөр гараагүй
орчлонгийн мухарт очтол
ямар олон найрагчид
сарлуу ширтэж зогссон гээч



Далавчаа хумьж сахиусан тэнгэр
модны орой дээр суугаад
тасарч мартагдсан аялгуу эртний дууг дуулна
сонсохоор ирсэн хүүхдүүдэд өднөөсөө нэг нэгээр нь өгдөг
томоогүй хүүхдүүд толгойдоо хатгаж индиан болж тоглодог
том болоод бүгд диваажинруу нисдэгээ



тэнэглэчхээд гэмшээд л
тэгээд гучин жил
............................
энэ хүмүүс
ичих ч үгүй
.............................
хэлж мэдэхгүй
хэсээд ч олохгүй
миний мэдрэмж
хар цувтай бүсгүй хүн
хааяа би холоос л хардагаа
.....................................
үнэндээ бол ичсэндээ
үг дуугүй явчихмаар
.........................................
амьдралыг амьдрал гэхэд
арай л ....
..................................
уйлмаар орилмоор
уурламаар
эмгэнэн гашуудмаар
инээгээд л босоод явчихмаар
бүгдийг нь биччихмээр
талыг нь үлдээмээр

үхмээр ч юм шиг
үгүй ч юм шиг
үүл болчихмоор ч юм шиг
салхи дагаж хаа хамаагүй нүүж
санаандгүй газар бороо болж орчхоод
тэндээ цэцэг болж ургаад
тэнгэрлүү сарвайж намайг аваачээ гэж
гуймаар ч юм шиг
үхмээр ч юм шиг
үгүй ч юм шиг


өөр гариг дээгүүр тэнэж тэнэж
өрөөсөн хөлтэй морь унаж унаж
гурван толгойтой бүсгүйд дурлаж
хос зүрхнийхээ нэгийг нь үлдээчхээд
сэрээрэй гэж дуудах
хайртынхаа дуутай зэрэгцэн
сэмээрхэн биендээ орж хэвтдэгээ



ганцхан өдрийн амьдрал л
гэгээрэхэд хангалттай
гэтэл
бичиж байгаа
би ч гэсэн



Таван жилийн өмнөх яг энэ орой ямар
Танил санагдана вэ ?
Бороо цонх тогшоод л ...
...........................................................
Тэндээс ирсэн эрвээхий
Буух цэцэг ололгүй
Буцаад л нисдэг ...
.......................................
Зовлон дунд
Гуйрамч л инээнэ
Атаархмаар ....
.......................................
Хатсан навч л
Бурхны сургаал
Бүх юм
Бүсгүйн гар
.........................................
Олон олон юм
Олон олон юм
Олны хөлд гишгэгдэнэ
...........................................
Гэгээрвэл л шүлэг бичнэ дээ
Тэр хүртэл шүлэг бичнэ
................................................
Нам гүм цуурайтна
Бүүр шүлэгнээс ч гоё
.............................................
Хар хүү
Хар хөл дээр
Цагаан тэмээнд даруулчихсан
.................................................
Юу ч үл горьдох нь л
Нар мандахыг үзнэ дээ
.............................................
Гунигаас үлдсэн юм
Нарны малгай л
Хадаасанд өлгөөтэй
............................................
Яг л сонгодог хөгжим шиг
Хөгшин эмгэн гадаа нарлана
......................................................
Шүлэг бичих ч дэмий санагдах
Энэ амьдрал
...........................................
Нар мандаасай гэж шүлэг бичихсэн
Нар жаргаасай