Жилдээ л нэг галт тэрэг ирдэг
Жижигхэн өртөөний амьдрал
Тэрүүхэн тэндээ зургаан байшин
Тэр хавиар хөл тасрахгүй
Арван хэдэн хүн хэрэндээ л
Асар том хот шиг амьдарна
Өвөлдөө цас малтаж
Зундаа цэцэг тарьж
Өртөөнийхөө дэргэд сард нэг зах гаргаж
Хэзээний ч билээ мөнгөн зоосоор
Халбага сэрээ цагирган боов худалдаж
Хааны торгон цэрэгт залуудаа алба хааж явсан
Хазгар өвгөн бага дарга дарсанд халамцаж
Эр шиг эр явснаа дурсаж
Эмгэнээсээ ганц зоос нэхнэ
Мөрөөдөмтгий гэнэн залуу шүлэгч
Мөнгөн саранд дурлалаа гэж шүлэглээд
Хавийн амьтны инээд барж
Хачин ихээр гуниглан
Одоо дахиж шүлэг бичихгүй гэж
Орой болтол санаагаар унана
Хажуу айлын охин залуу шүлэгчид дурлаад
Хадамд гарсан эгчийнхээ гоёлын даашинзыг өмсчхөөд
Дурласнаа ч мартаж дүү нартайгаа тоглож
Дуу шуу болж гудмаар нэг инээлдэж
Үеийнхэнтэйгээ жартаа тоглож
Үнэтэй даашинзыг шороотой хольж орхино
Орой болж хөл татарч
Орон гэртээ бүгцгээж дэн унтарч эхлэхэд
Хөгшин бага дарга аанай л
Хөлчүүхэн, цонхон дээрээ зогсоод
Эр шиг эр явснаа дурсаж
Эмгэнээсээ дарс нэхнэ

0 сэтгэгдэл: