Гэрэл гэхэд гэрэл бус
Тэр миний бие
Гэр гэхэд гэр бус
Бас л миний бие
Сэтгэсэн эс сэтгэсэн
Нэгэн аяганд тунаад
Сэм амсаваас
Халуун бүлээн нь таарсан байх




Гавихгүй найрагч
Гараа тасдаж хаячхаад
Онгодтой цаг минь ард үлдлээ
Одоо би юугаараа гэх шиг
Үүр цайж байна
Үүрд чамайгаа л би дуулна
Үзэсгэлэн гоо минь гэх атлаа
Үнэндээ нэг ч мөр бичээгүй
Сарыг шөнө бүхэн хуурдаг
Сахалтай жар гаруй насны хүн шиг
Үүр цайж байна
Сар хөөрхий гомдоод
Эргэж ирэхгүй явсан шиг
Үүр цайж байна




Үл тэмтрэгдэм
Үхлийг
Алган дээрээ тавиад
Амьсгалаараа дулаацуулахуй
Харь газрын тунгалаг биет цантаад
Хаа нэгтээ дотроос нь
Үе үе гэрэл очтох нь
Үүрээр их олон хүн...
Алган дээрхээ би
Алдчихаж болохгүй
Амьсгалд минь цантсан гэрэлт бөмбөлөг
Ахиад хэзээ очтох
Ай би хааш зайлах...




Миний шүлгүүд дандаа эр шүлгүүд
Одоо ганцхан
Охин шүлэг бичихсэн
Хэдэн ахынхаа
Хиртэй хувцсыг угаадаг
Энхрийхэн өхөөрдөм
Эмэгтэй дүү шиг шүлэг бичихсэн
Онгод минь хоёулаа нэг
Охинтой болохсон




Охидыг би тоохоо больчихсон
Огт догдлохоо байчихсан
Ингэж бодохоор л инээд хүрээд
Энэ охид
Би л лав гэмгүй
Охид өөрсдөө л
Оготор банзал өмсчхөөд
Наашаа цаашаа яваад л
Наашаа цаашаа явах хэрэг
Надад ч гэсэн гардаг юмаа




Үнэнийг
Үрчгэр дух гэвэл
Үргэлж залуухан толиотой
Өө ямар тэнэг
..................................
Алгаа дээш харуулчхаад л
Алган дээрхээ үлээгээд л
Амжвал хааяа зүрхрүүгээ нэг үлээчхээд л
Алган дээрхээ үлээгээд л
Ай яасан барагддаггүй
....................................
Тэнэг гээд л чанга орилчихлоо
Тэгээд л амаа дарсан
Олон хүн нэрээр нь дуудахад
Огт сонсдоггүй юм байнаа
...........................................
Их сэтгэгч
Хоёрхон өмдтэй
Инээдтэй юм
Их сэтгэгчид
Нэг л өмд
.......................

СОХРУУД
СОКРАТ одоо ч ингэж орилно
Энэ дэлхий эргэж байна уу
Эргээд ч хэрэг байна уу
................................
Агуу хүн
Агуй дотор
Агуйн хүн
Агуй дотроо
Агуйн хүн
Агуу дотор
..............................




БИ ч гэсэн
Навтсаар биеэ хулдаад л
Намайг хаа авчраад хаячихваа гэж бодоод л
Цоорхойгоор нь орчлонг хараад л
Цочоод л цочоод л
Цочиж уйлаад л
Сэтгэлээ амар амгалангаа л
Сэмээрхэн
Хүнд мэдэгдэлгүй залгичихсан




Хүн гэж нөгөө юу л байхгүй юу Заяа
Хүүхэд чинь байхгүй юу
Чи байхгүй юу би байхгүй юу
Чи бид хоёрын нөгөө
Чихэндээ ээмэгтэй генералууд байхгүй юу
Ургамал амьтан хүмүүст ямар ч гэм хийгээгүй
Ухаан хайр хоёроороо би суга таяг хийгээд
Уртаас урт амьдралыг өрөөсөн хөлөөрөө туулдагаа




Хэрмэл сүнс минь хэсч хэсч
Хэдэн гаригаар тэнэж тэнэж
Арай л биш байна да
Ахиад л маргааш явахаас
Амар амгалан амар амгалан
Ай би хаанаас олох вэ
Үглэж үглэж л унтаад өгдөг
Үүр цайж миний босох ээлж болдогоо




Санаа алдах бүрд минь
Салхи надад шивнэдэг
Холоос ирчхээд чи
Хорвоо дээр ирчхээд чи
Айлд ирчхээд чи
Аяа чи юунд гуниглаав гэдгээ




Олоон жил газар сайгүй тэнэж
Очиж үзээгүй нэг л газраа эрдэг
Ганц модтой хажуудаа булагтай
Гал түлсэн оромтой
Төрөхөөсөө өмнө миний
Түр дөчин ес хоносон газар
Төрөхдөө миний авч ирэлгүй үлдээсэн
Томоо хоёр цагаан даль минь бий



Цантсан цонхон дээрх бурхны бичээсийг
Цаг нь болохоор би тайлаад уншчих л байх даа
Энэ л байж гээд инээд алдаад л
Энэ цонхыг би хага цохичих байх даа
Гомдсон юм шиг том алаг нүдтэй
Голын ус шиг цонхны шил шиг шувууд
Шилний хагархай шиг ар араасаа
Шил шилээ дагаад уйлаад нисчихвэл яана
Ээ дэ би хагалдаггүй л байж
Энэ олон хаврыг би юуныхаа цаанаас харна да
Ээ дэ би хагалдаггүй л байж
Ингэж яг харамсах байх да
Цантсан цонхон дээрх гоёмсог дүрсийг
Цаашдаа би бичиг гэж бодохгүй ээ




Өдөр бүхэн би аз жаргалын тухай
Өргөн гудамжинд зогсоод л дуулсаар л байх болно
Хуучин гитартай
Гитарнаасаа хуучин бүрх малгайтай
Бүрх малгайдаа ганцхан зоостой
Бүх орчлонг би дуулсаар л байх болно
Ямарч зураач зурмаар санагдах
Ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй хуучин хананы наана
Бүрх малгайдаа хоёрхон зоостой
Бүсгүйчүүдийг би дуулсаар л байх болно
Цас бороонд би улам сайхан дуулна
Цас бороог зогстол дуулна
Цагдааг, цаг хугацааг,цагчны охиныг
Цасанд даруулсан бүрх малгайгаа
Бүгдийг би дуулсаар л байх болно
Бүрх малгайд минь гурван зоос байнаа




Нээг их усан борооноор хүмүүс намайг үдээд л
Нэлэмгэр цуван доогуур минь бор шувууд шургаад л
Болохгүй наад хүн чинь холоо явна гээд л
Бор шувуудыг эх нь хориглоод л
Үнсүүлэх гэж эхнэр минь хүмүүсийн дундуур зүтгээд л
Үнэр минь хэвээрээ байна уу гэж асуугаад л
Энийг аваад яв май цагаан чулуугаа өгөөд л
Эргээд заавал ирээрэй чихэнд минь шивнээд л
Амаа дараад л
Араас минь даллаад л
Эргээд би
Эргээсээ холдож буй хөлөг шиг
Харанхуйд гэрэлтдэг гэрэлт цохнуудын замаар
Хаа хүрэх гэж би




Нэг нэг үгээр нь заримыг нь мөр мөрөөр нь
Нийлүүлж нийлүүлж ганц шүлэг болгоод
Буулгачих цаас эрж
Буулгах шахлаа би гэр орноо
Харсаар байтал нүдэн дээр минь
Хамаг цааснууд гэрэл болчихоор нь
Гэрлээр дутсан биш дэ би жаахан гоморхоод
Гэдрэгээ хараад л нулимс цэлэлзүүлж хэвттэл
Цаасны бүдэгхэн гэрэлд бие минь хачин тунгалагшаад
Цайраад л нимгэрээд л
Цаас болохнээ би





Мөрөөдлөө бичсэн цаасаараа би шувуу хийгээд
Мөсөн дээр бүгдийг нь аваачаад л орхичихдог
Алга дарам газрын мөс нь хайлмагтаж
Амилмагцаа хөх шувууд минь холоо нисчихдэг
Хаврын хаварт л тэд минь бөөн бөөнөөрөө сүрэглээд
Хаа нэгтээ газар нисч л яваа харагддаг
Хаанаас ч юм бэ хаврыг авчирдаг энэ олон шувууд чинь
Хаа очиж бүгдээрээ миний л хэдэн хүүхдүүд ээ




Би нэгэн гараг болчихсон
Биен дээр минь жижигхэн хүмүүс амьдардаг болчихсон
Нүгэл хийдэггүй хоол ч иддэггүй
Нүв нүцгэнээсээ ичдэг ч үгүй
Нар сарыг төсөөлдөг ч үгүй
Насаа ч ер тоолдоггүй
Хүүхдээ үүрээд л ар араасаа цуваад л
Хэдхэн хүн явж л байгаа харагддаг
Үдэш болгон л тэд мөрөн дээр минь суучхаад
Үнэн сэтгэлээсээ ийнхүү дуулцгаадаг
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тэр бидний орон гэр
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тийшээ бид очих л болно
Аяархан тэд ийнхүү дуулцгаана
Амандаа би ч гэсэн
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тэд намайг аваад явах боловуу




Ийм их цас нэг л өдөр орно гэж
Энэ дэлхий нүгэлгүй юм шиг болчихно гэж
Бүх хүн шувуунд хувилчихна гэж
Бүгд ганцхан дэрррр гээд л тэнгэрлүү нисчихнэ гэж
Цас цас цас цас л үлдэнэ гэж
Цасан дээр шувууны мөр л үлдэнэ гэж
Цаг нь болоогүй би л ганцаараа үлдэнэ гэж
Цасан дунд зогсоод л
Тэнгэрлүү саравчлана гэж




Жижигхэн охин
Гараараа ус хутгаад л
Жижигхэн
Энгэр нь норчихсон
Инээгээд л гүйгээд ирвэл
Энэ охиныг Бурхан минь та
Өөрөө тосч аваарай
Яг л ийм жижигхэн охидыг гараас нь хөтлөөд
Ямар олон удаа үхэлрүү хүргэж өглөө дөө
Цаг хугацаа би
Цаашдаа тэвчихээ байлаа
Үхэж л нэг амрахсан
Үүнийг л бурхан минь нэг.......


Романаа тууж болгов
Туужаа өгүүллэг болгов
Өгүүллэг шүлэг болов
Шүлэг үг болов
Үг дуугүй болов
Бийрээ хаяв
Бичээч гэгээрэв


Гэгээрлийг хайгаад л яваад л яваад л
Гэртээ л том өрөөндөө л яваад л яваад л
Тогорууны чихмэл
Тоох ч үгүй