Ямар ч байсан шүүрс алдах зүрхтэй
Хааш хаашаа гурван метр өрөөтэй
Улаан цэцэг савтай усандаа гуних нь
Удахгүй намар болохын тэмдэг гэх мэтчилэн
Утгагүй зүйлс санаанд орж ирэх нь
Удахгүй шүлэг бичихийн тэмдэг ээ
Гунигаа эрээд олдоггүй ээ би
Гурав хоног модны орой дээр суулаа
Цас ороод л намайг дараад л
Цав цагаан болдоггүй ээ би
Уг өнгө минь гэрэлтээд байна уу
Ув улаан цас ороод байна уу
Цээжин дотроос минь
Цэв цэнхэр нов ногоон ув улаан өнгө
Нэвт гэрэлтээд л
Нэг хором болоод солигдоод л байх юм
Цав цагаан л даа уг нь би
Цаснаас болоод л ингэж гэрэлтээд байна
Ингэж бодоод л модны орой дээр сууж байна
Энэ дэлхий цав цагаан байнаа
Хаалга чахран онгойх нь
Хатингар эмгэн гадагшаа зүглэх нь
Тэмтчиж нарлуу зүтгэх нь
Тэр нар бариад авмаар ойрхон байх нь
Тэгэхдээ л эмгэнд их хол санагдах нь
Эмгэний өмссөн хантааз ар өвөргүй
Эрээн цэцэгс,нар, хүүхэд зурсан байх нь
Эмээгээ явчихна гэж санаа ч үгүй охин
Эрвээхэйтэй хөөцөлдөж
Тэртээ тэр талд явах нь
Тэр охин хамаг чангаараа дуулах нь
Шар нар ээнэ
Шар модны мөчир дээр
Шар шувуу суучихсан
Шар хүмүүс
Шар нүдээр харж
Шар дуугаар үргээнэ
Шар шувуу гомдонгуй нисэхэд
Шар сүүдэр нь модон дээрээ үлдчих
Шар орчлон
Байж боломгүй
Шар орчлон
Орой нь цоорхой
Орчлонгоор нэг ус дусална
Нойтон зовхи ч даагдахгүй
Тэмтэрч л мэднэ
Би ус хаана байгааг мэднэ
Хүмүүс минь
Би
Ус хаана байгааг мэднэ
Үнэрлэж мэднэ
Сонсож мэднэ
Нар
Нар хаана байна
Надад өөр
Мэдэхгүй юм алга даа
Тэмтэрч л мэднэ
Галгүй өрөөнд бээвийтэл суусан
Галгүй нүдээр өөдөөс минь ширтсэн
Өтөл эмгэнийг зурсан зураг
Өдөр бүхэн зах дээр
Тэгээд л би худалдаж авсан
Тэр зураг дулаахан өрөөнд өлгөөстэй
Өрөөнөөсөө би одоо гарахаа ч болисон
Өрөө дамжаад л
Өтөл эмгэний үлгэрүүд...